• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНСУ, Монгол улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хэлэлцэв
    09/12/2017

    Гуравдагч хөрш буюу худалдааны гол түнш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Монгол улс анхны “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг Япон улстай байгуулан хамтран ажиллаж байгаа билээ. 2016 онд БНСУ-ын ерөнхийлөгчийн албан айлчлалын хүрээнд тохиролцсон Монгол улс, БНСУ хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-тай хийгдэж буй худалдаанд үүсдэг тарифын болон тарифын бус хүндрэлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсох, хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас хөнгөлүүлэх хүсэлтэй барааны санал авах, боломжийг судлах зорилгоор Гадаад Харилцааны Яам, МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э. Оюунтэгш, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд нар үг хэллээ. Арга хэмжээний үеэр “Монгол-БНСУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага, хэтийн боломжууд” сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Батнасан, “Монгол-БНСУ-ын хоорондын худалдааны өнөөгийн байдал” сэдвээр ХҮИС-ийн Сургалтын албаны дарга, профессор Н.Отгонсайхан нар мэдээлэл хийв. Уулзалтад ГХЯ, Алтанбулаг, Замын Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын албад, Монголын жимс, жимсгэний холбоо, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд,  50 гаруй ААН-ийн төлөөлөл оролцлоо.

    Latest 150
    Latest 150