• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хөрш орнууд Ази Европын эдийн засгийн гүүр, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын үүд хаалгаа нээлээ
    08/24/2017

    Хөрш гурван орны “Нэг бүс Нэг зам” эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийн форум , “Торгоны замын бүс нутгуудын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих” хэлэлцээр энэ сарын 18-22-ны хооронд Манжуур хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус форумд Монгол улсаас УИХ–ын гишүүн Д.Цогтбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, орлогч дарга М.Сарандаваа болон салбар танхимын дарга нар, бизнес эрхлэгчдийн 480 гаруй  төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Форумыг нээж Манжуур хотын дарга Xu Ailian, “Манжуур хот бол Зүүн Азийг холбосон худалдааны томоохон бүс нутаг юм. Бүх Хятадын боловсон 10 хотын нэг. Хотын маань өнөөдрийн өндөрлөгт хүрсэн амжилтын эхлэл бол төмөр зам тавьсан явдал юм. Ноднин жилээс эхлэн манай хот Хятад-Оросын модны үйлдвэр байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Энэ нь Манжуур хотын хувьд хөгжлийн томоохон түлхэц болж байна. Мөн манай гурван орны хамтын ажиллагааны эдийн засгийн гол харилцааг зохицуулах үүргийг энэ форумаар лавшруулах болно. Өөрөөр хэлбэл Ази Европын эдийн засгийн гүүрийг тавих болно” гэдгийг  онцоллоо.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тус форумын нээлтэнд хэлсэн үгэндээ, Ойрын жилүүдэд Хятадын “Нэг бүс-нэг зам” бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж Монголын “Хөгжлийн зам” төсөлтэй уялдуулан Оросын талын Евро Азийг дамнасан бүтээн байгуулалттай холбож Монгол,Хятад,Оросын эдийн засгийн коридор байгуулах нь бүс нутгийн харилцан хамаарал, хамтын ажиллагаанд их ирээдүй, ховор боломж олгож байна. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, “Зүүн хойд бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх” сэдэвт, өндөр түвшинд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь Орос, Монгол хөрш 2 орны давуу талыг ашиглан, Торгоны зам дагуух бүс нутгуудын эдийн засгийн коридорын чухал цэгийг бий болгох, гадаад улс руу чиглэсэн худалдааны чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, Евро-Азийн улс орнуудын хамтын ажиллагааны тавцанг бий болгон хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэж байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

    Манжуур хот бол Монгол-Орос-Хятадын худалдааны 60 нь дамжин өнгөрдөг хуурай замын хилийн хамгийн том боомт хот. Ийм ч болохоор “Дорнод Ази руу нэвтрэх цонх”, “ЕвроАзи руу гарах гарц” гэж нэрлэдэг.

    Тэгэхээр 1992 онд энэ хотыг БНХАУ-ын Төрийн зөвлөл “Хилийн нээлттэй хот” гэж зарласнаар олон улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжих боломж бүрдэж Орос, Монголын харилцаа, хил орчмын худалдааны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх болсон байна. Улмаар 2010 оны зургадугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөл Манжуур хотыг “Нээлттэй эдийн засаг хөгжлийн туршилтын бүс” хэмээн тодорхойлсон нь энэ хотын хөгжилд шинэ боломж бүрдүүлсэн болохыг форумд оролцогсод нэгэн дуугаар хэлж байсан юм.

    Өнөөдөр энэ хотод аялал жуулчлалын улирлын үеэр олон улсын болон орон нутгийн 11 нислэг үйлдэж зорчигчдын тоо нь хэдийнэ 180 мянгаас давж буйг энэ үеэр онцолж байв. Мөн энэ хотоор жилд төмөр замын 120 сая, авто замаар 3,5 сая тонн ачаа дамжин өнгөрч байна. Чингэлэгтэй ачаа гэхэд л төмөр замаар тээвэрлэгдэн Манжуур-Далянь гэсэн чиглэлд зөөж байгаа юм. Хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн байгууллага 24 цагаар ажилладаг нь ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх боломж олгодог байна.

    Мөн БНХАУ-ын танхимын эрхлэгч Liu Tingshan “Энэ удаагийн форумын гол зорилго нь гурван улсын эдийн засгийн кордиорыг байгуулахад оршино. Түүнчлэн 64 орны 1500 хувийн хэвшлийг дэмжих зорилгоор үзэсгэлэн зохион байгуулж байна. Ингэснээр гурван орны хувийн хэвшлүүд гадагшаа чиглэсэн хамтын ажиллагаатай болох болно. Харин Нэг бүс-Нэг замын тухайд, манай гурван оронд чиглэсэн олон улсын худалдааг хөнгөвчлөх зорилготой” болохыг онцлон хэллээ.

    БНХАУ-ын тухайд 1988 оноос эхлэн гадаад ертөнцөд нээлттэй бодлого явуулж эхэлснээр Манжуур хотын гадаад харилцаа эхэлсэн гэж болно. Энэ үеэс Манжуур хот Оросын болон Монголын зарим хоттой, мөн Ази, Европ, Америкийн бүс нутгуудтай харилцаа тогтоон хамтран ажиллах болсон байна.

    Эцэст нь хэлэхэд, гурван улсын хилийн уулзвар болох Манжуурт эдийн засгийн асар том чөлөөт бүс байгуулах ажилд Хятад улс шамдаж эхэлжээ. 73 га талбайтай энэхүү том ложистикийн төвд аж үйлдвэрийн болон хөнгөн үйлдвэрийн бүхий л бараа материал, хүнс, техник хэрэгслийн худалдаа үйлчилгээг төвлөрүүлэхийн зэрэгцээ ачаа тээвэр, хил гаалийн хяналт шалгалтыг нэг цэгт байлгахаар төлөвлөжээ. Энэхүү том бүтээн байгуулалтын төсөлд улсын төсвөөс 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын зээл олгож эхэлсэн байна. Тэрчлэн гаалийн баталгаат агуулах болон ачаа тээврийн компанийг зөвхөн Хятад улсын нутагт төдийгүй Оросын хилийн хотуудад ч байгуулахыг зорьж байгаа гэнэ.

    Тус форумын үеэр ОХУ, Хятад, Монгол, Пакистан, Непал, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг орнуудын бизнес эрхлэгчид 30 000 м2 үзэсгэлэнгийн талбайд өөрийн орны шилдэг бараа бүтээгдэхүүнээр оролцож, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын үүд хаалгаа нээлээ. Тус үзэсгэлэнд Монгол улсаас нийт 65 аж ахуйн нэгж ноос ноолуур, цагаан идээ, алт мөнгөн эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүнээрээ оролцож эх орноо сурталчиллаа.

    Latest 150
    Latest 150