• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол Улсын ЗГ, ЕАЭК хоорондын хамтын ажиллагааны протоколын төслийг үзэглэв
    11/10/2016

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй, бусад төрийн байгууллагуудын төлөөлөгчидтэй Москва хотноо 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд болсон Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс (ЕАЭК) хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанд оролцлоо. 

    Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны шинжээчдийн уулзалт 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Евразийн эдийн засгийн комиссын төв байранд болсон.

    Улзалтанд монголын талаас Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, ГЕГ МЭҮГ, МҮХАҮТ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Евразийн эдийн засгийн комиссын талаас Интеграцчлалын хөгжлийн газрын орлогч дарга С.М.Асенсеитоваар ахалж Интеграцчлалын хөгжлийн газар, Худалдааны бодлогын газар, Гаалийн тарифын болон тарифын бус зохицуулалтын газар, Гаалийн дэд бүтцийн газар, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн газар, Макро эдийн засгийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газар, Тээвэр, дэд бүтцийн газар, Үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийн газар, Хөдөө аж ахуйн бодлогын газар, Техникийн зохицуулалт, магадлан итгэмжлэлийн газар, Шударга өрсөлдөөн, төрийн худалдан авалтын бодлогын газар, Аж үйлдвэрийн бодлогын газар, Хуулийн газрын дарга, дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид, мөн ОХУ-ын ГХЯ, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгалийн нөөц, экологийн яам, Ойн аж ахуйн холбооны агентлаг, БНБУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНКУ-аас ОХУ-ыд суугаа ЭСЯ, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл тус тус оролцсон.

    Хуралдаанаар талууд өмнө нь харилцан солилцсон Протоколын төсөлд тусгагдсан дараах асуудлаар санал солилцсон. Үүнд:

    • Худалдаан дахь тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай асуудлыг судлах судалгааны ажлын хэсгийг байгуулах, 
    • ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын мал эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийг аттестатчилах ажиллагааг тогтмолжуулах, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүдийг аттестатчилах, 
    • ЕАЭК-ын мал эмнэлэг, ургамал хорио цээр, хүнсний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, шаардлага, стандартыг Монгол Улсад нутагшуулах, 
    • Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ЭКСПО-г ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад хамтран зохион байгуулах, мөн уг ажлын хүрээнд монголын бараа, бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн албан татвараас чөлөөлөх, байрны асуудлыг ЕАЭЗХ-ны гишүүн орнууд зохицуулах,
    • Хил орчмын тодорхой бүс нутгийн малыг өвчнөөс эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар хийх, өвчингүй бүс байгуулах ажлыг хамтран хэрэгжүүлэх,
    • ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уул уурхайн эрдэс баялгийг ашиглан барилгын болон бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж харилцан ашигтай хамтран ажиллахаар болсон.

    Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ЕАЭК-ын төв байранд болов. Хуралдаанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн монголын талын бусад төлөөлөгчдийн хамтаар, ЕАЭК-ын талаас Т.Д.Валовая тэргүүтэй төлөөлөгчид (шинжээчдийн уулзалтад оролцсон нийт 60 орчим төлөөлөгчид) оролцсон.

    Тус хуралдаан дээр МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг бизнесийн төлөөллийн байгууллагын хувьд хуралдааныг дүгнэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхээс гадна сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэн, талуудын хамтын ажиллагаа, бизнес, хувийн хэвшлийн оролцоог чухал болохыг онцлон тэмдэглэсэн.

    Талууд уг хуралдааны үеэр Ажлын хэсгийн хүрээн дэх үйл ажиллагаа, Монгол Улс болон ЕАЭК хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний цаашдын хөгжил, ажил хэргийн зөвлөл хоорондын хамтын ажиллагаа болон шинжээчдийн уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар санал солилцсон ба Протоколын төслийг үзэглэсэн болно.

    МҮХАҮТ-ЫН ЭДХГазар
    Холбоо барих: 328878

    Latest 150
    Latest 150