• MN
  • EN
  • CN
  • RU
  • Сэлүүрдэх үүргээс залуурдах үүрэг рүү ...
    07/21/2017

    -    Бразил дахь Мэргэжлийн холбоодын хүний нөөцөө бэлтгэдэг туршлага -

    Хоёр жилийн өмнөхөн Бразил Улсын Сан Пауло хотноо Дэлхийн Ур чадварын 43 дахь удаагийн Олимп зохион байгуулагдсаныг зарим маань санаж буй биз ээ. Улс орны мэргэжлийн сургалтын чансааг тодорхойлдог энэхүү тэмцээнд Монгол Улс анх удаагаа баг бүрэлдэхүүнээ илгээсэн юм. Дэлхийн 59 орны 1190 мэргэжил нэгтнүүдтэйгээ гагнуур, токарь, мужаан, цахилгаан, өрөг угсралт, хавтанцар наах зэрэг есөн төрлөөр ана мана өрсөлдсөн, манай залуучууд. Анхны гараа дажгүй ч бидэнд сурах зүйл асар их байгаа нь илт байна билээ. Чухам эндээс Элчин сайд миний бие суугаа орныхоо мэргэжлийн сургалтын туршлагыг судлах бас хоёр орны хооронд холбон хөгжүүлэх бодол тээн үлдсэн билээ.

    Түүх сөхвөөс Дэлхийн 2-р дайны дараах сэргээн босголтын хүнд жилүүдэд нарийн мэргэжлийн ур чадвартай ажилчдыг Европ даяараа хайж байсан гэдэг. Испани Улсын техникийн мэргэжилтэн Жозе Оласо энэхүү эрэлт хэрэгцээг мэдрэн мэргэжил нэгтэй нөхөдтэйгөө хамтран мэргэжил сургалтын төвийнхөө үүдийг нээжээ. Тун удалгүй тэд анхны тэмцээнээ улс орондоо зохион байгуулсан бөгөөд дөрвөн мянган залуу оролцсон нь санаанд оромгүй үйл явдал болов. Урамшсан Испаничууд Олон улсын тэмцээнийг 1950 онд анхалж Португал, Герман, Их Британи, Франц, Швейцар, Морокко зэрэг улс орнууд түүчээлэн дэмжсээр эдүгээ дэлхийн 160 орныг хамрах болжээ. Хоёр жил тутам гишүүн орнууддаа ээлжлэн зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг энэ онд Ойрх дорнодод анх удаа буюу Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу Даби хот тун удахгүй хүлээн авахаар бэлтгэж буй. Харин дараагийн зохион байгуулагчаар ОХУ тодроод байгаа.

    Мэргэжлийн ур чадварын олимпийн гол зорилго нь нарийн мэргэжлийн ур чадварыг хөхиүлэн дэмжиж, улс хооронд туршлага солилцох явдал. Дархан хүн бурхан ухаантай хэмээн монголчууд уран хүнийг шүтнэ. Ухааны ур, гарын ур, сэтгэлийн нарийн мэдрэмжийг нэгэн зэрэг агуулсан эдгээр ур чадвартай мэргэжилтнүүд улс орныхоо хөгжлийн чансааг тодорхойлдог. Чухамхүү эдгээр алтан гартнуудгүйгээр ямар ч улс оронд аж үйлдвэрлэл хөгжиж, бүтээн байгуулалт өрнөхгүй.

    Хорьдугаар зууны эхээр Бразил Улс аж үйлдвэрлэл хөгжүүлэхээр мэрийж байсан үе. Тухайн үед тулгарч байсан гол хүндрэл нь аж үйлдвэрийн салбарт мэргэшсэн чадварлаг боловсон хүчнээр дутмаг байсан явдал. Нарийн ур чадвартай мэргэжилтэнгүйгээр орчин үеийн аж үйлдвэрийн салбар хөгжихгүй нь тодорхой болоод байлаа. Төр засаг төсвийн хүндрэлтэй байсан тул асуудлыг шийдэж үл чадна. Засгийн газар аж үйлдвэр эрхлэгчидтэй олон удаа уулзаж хэлэлцсэний эцэст тун оновчтой шийдэлд хүрчээ. Аж үйлдвэрийн холбоод мэргэжил үйлдвэрлэлийн сургалтаа хариуцан хүний нөөцөө өөрсдөө бэлтгэдэг болж харин Засгийн газраас төсвийн асуудлыг хараат бусаар зохицуулж өгөх үүрэг хүлээх болов. Ажилчдынхаа нийгмийн даатгалаас гадна нийт цалингийн 2,5 хувьтай тэнцэх шимтгэлийг үйлдвэрүүд төлөх үүрэг хүлээж харин уг мөнгийг Нийгмийн даатгалын газар төвлөрүүлэн буцаагаад Аж үйлдвэрийн холбоонд хуваарилах тогтолцоонд шилжжээ. Ийнхүү төр санхүүжилтийг нь шийдвэрлэж харин холбоод менежментээ хариуцах болсон энэхүү түншлэл дараагийн тавин жилдээ Бразил Улсын аж үйлдвэрийн салбарыг дэлхийн зиндаанд аваачсан хөгжлийн түүчээ болсон юм.
    Ингэж Аж үйлдвэрийн холбооны дэргэд Үндэсний аж үйлдвэрийн мэргэжил, сургалт, үйлчилгээний төв (СЕНАЙ) 1942 онд байгуулагдсан түүхтэй. Тус төв 1942 оноос хойш 60 сая гаруй мэргэжлийн ур чадвартнуудыг бэлтгэсэн бөгөөд орон даяар 518 байнгын, 504 нүүдлийн сургалтын төв, 208 лабораторийг ажиллуулж байна. 2016 оны тэдний төсөв гэхэд 270 сая ам.долларт хүрчээ. Аж үйлдвэрийн 28 төрлийн ажил мэргэжлээр жилдээ 2,5 сая залуучуудыг 3000 ангид дүүргэн сургадаг. Тэдний сургалт төлбөргүй гэхдээ сонгон шалгаруулалт чанга тул ур чадвартай нь шигшигдэнэ.

    Аж үйлдвэрүүд зөвхөн тус төвийг төгссөн боловсон хүчнийг ажилд авахыг эрхэмлэх тул өрсөлдөөн ихтэй. Сүүлийн жилүүдэд СЕНАЙ-гийн сургалтын төв олон улсад байгуулагдах болжээ. Тухайлбал Бразилийн уул уурхайн дэлхийд нэртэй ВАЛЕ компанийн Мозамбик Улсад хийж буй уул уурхайн олборлолтын хүний нөөцийг бэлтгэх зорилготой Мозамбик Улсын Засгийн газартай хамтран МСҮТ-ийг тэнд байгуулсан байна. Мөн Ангол Улсад уул уурхайн олборлолт хийж буй Хятадын компаниуд Ангол дахь СЕНАЙ -гийн салбар сургууль төгсөгчдөөс ажиллах хүчээ бүрдүүлжээ. Өнгөрсөн жил гэхэд Гайти улсад НҮБ-ын санхүүжилтийн дэмжлэгтэй иж бүрэн МСҮТ-үүдийг байгуулж, арга зүйгээ нутагшуулах гэрээнд Бразилийн Аж үйлдвэрийн холбоо гарын үсэг зуржээ. Яг одоо бол Арабын Эмирт Улсын баг тамирчид СЕНАЙ-гийн төвүүдэд бэлтгэгдэж байна. Удахгүй эх оронд нь зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын олимпт өөрсдөө үлгэрлэн алтан медаль авах ёстой хэмээн тэд шамдана. Харин ОХУ-ын Засгийн газар Бразилаас туршлага судлан, МСҮТ-үүдээ тэдний загвараар байгуулахаар хамтран ажиллаж байна. 2019 онд Казань хотноо болох Дэлхийн ур чадварын олимпоос тэдний амжилт харагдана биз ээ.

    Аж үйлдвэрийн холбооны амжилтад урамшсан Бразилийн Засгийн газар яг энэ загвараар хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, хоршоолол, жижиг дунд үйлдвэрлэлийн сургалт үйлчилгээний төвүүдийн мэргэжлийн холбоодод нь харьяалуулан хараат бус санхүүжилтийг мөн адил шийдвэрлэв. Үүнийг Бразилд 5 “S” буюу таван төрлийн үйлчилгээний тогтолцоо хэмээн нэрлэнэ. Тухайлбал: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нарын холбоодод ХАА-н компаниудын нийт ажилчдынхаа цалингийн нийгмийн даатгал дээр нэмж төлсөн 2,5 хувийн шимтгэлийг төрөөс буцаан олгох ба энэхүү мөнгөөр ХАА-н үйлдвэрлэгчдийг бэлтгэх мэргэжил сургалтын төв “СЕНАР” санхүүжнэ. Худалдаа, үйлчилгээний холбооны дэргэд “СЕНАК” ажиллаж худалдаа санхүү, зочид буудал, аялал жуулчлал, нийтийн хоолны мэргэжилтнүүдийг бэлтгэнэ.

    Бразилд хоршооллын хөдөлгөөн маш хүчтэй. Үүний нэг шалтгаан нь хоршоологчдыг мэргэшүүлэн бэлтгэдэг “СЕСКООП” хэмээх сургалтын төвийн ач гавьяа. Түүнчлэн бичил, жижиг үйлдвэрлэгч нарыг бойжуулан бэлтгэдэг “СЕВРАЕ” хэмээх сургалтын нүсэр байгууллага ч мөн адил энэхүү схемээр санхүүжнэ. Тэд төрөөс хараат бус бас төрд ямар ч дарамтгүйгээр салбарынхаа хүний нөөцийг бэлтгэн, тогтвортой хөгжлөө хангаж байна. Гэхдээ төртэй нягт хамтран ажиллах бөгөөд Удирдах зөвлөлд Засгаас газраас ч, холбоодоос ч ижил тооны төлөөлөл ажиллаж хамтын шийдвэрээ гаргана.

    Энэ мэтчилэн мэдээлэл технологи, холбоо харилцаа, зам гүүр, урлаг спортын гээд бүхий л салбарын аж ахуйн нэгжүүд хүний нөөцөө бүрдүүлэх нийгмийн хариуцлага хүлээж энэхүү “зорилтот” татварыг төлдөг. Үр дүнд МСҮТ-үүд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, шинэлэг арга технологиор элсэгчдээ бэлтгэнэ. Мэдээллийн эрин зуунд нарийн мэргэжилтнүүд цахим тооцоолол хийж, робот зохион бүтээж, төрөл бүрийн техникийн өндөр ур чадварыг эзэмшсэн нь муухан инженерүүдээс ч дутахгүй. Дэлхийн Эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг өрсөлдөх чадварын тайланд Бразил Улс Латин Америкийн орнуудаас инноваци өндөртэй орноор шалгарсан нь үүний нэг баталгаа болов уу.

    Орчин үеийн төр сэлүүрдэх үүргээс залуурдах үүрэг рүү улам бүр шилжих болжээ. Түншлэлийн бодлого бол зөвхөн хувийн компаниудад төрийн өмчийг хувьчлах, гэрээлэх эсвэл тендер шалгаруулахаар хязгаарлагдахгүй. Мэргэжлийн холбоодоор дамжуулан тухайн салбарын үйлчилгээний удирдлага, сургалтын менежментийг эрхлэх эрхийг олгох бүрэн бололцоотойг олон орны жишээ энэ мэт харуулсаар байна.

    Миний бие нэгэн үе “Мэргэжлийн холбоодын тухай” хуулийн төсөл дээр МҮХАҮТ ба Ажил олгогч эздийн холбоодтой хамтран ажиллаж байгаад дуусгаж амжаагүй юм даг. Тухайн үед манайд Мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх ажил үүргийн жагсаалт гарч, зарим төрлийн тусгай зөвшөөрлийг холбоод нь олгож эхлээд байсан. Харин одоо МСҮТ-үүдийг холбоодод нь шилжүүлэх нийгмийн шаардлага яах аргагүй тулгарч байна. Тухайлбал: Зочид буудал, Аялал жуулчлалын холбоод хамтраад жуулчдад үйлчлэх хөтөч, тогооч, хүлээн авагч, үйлчилгээний ажилтнуудаа бэлтгэж байж зах зээлийн эрэлт нийлүүлэлтээ хамгийн сайн холбож өгч чадна. Харин төрөөс МСҮТ-үүдийн төсвийг хараат бусаар Бразил Улс лугаа адил шийдээд өгөх хэрэгтэй байна. Тэр тусмаа Монголд МСҮТ-үүдийн ирээдүйн хувь заяаг хэлэлцэж буй энэ цаг үед Мэргэжлийн холбоод нэгдэн салбарын хүний нөөцөө бэлтгэх хөгжлийн бодлогоо яаралтай томьёолох шаардлагатай санагдана. Өндөр ур чадвартай боловсон хүчнээ бодлогоор бэлтгэж байж гэмээнэ аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарууд хурдацтай хөгжиж, дэлхийн зиндаанд хүрэх нь гарцаагүй.

    Энэ дашрамд бразилчууд бидэнтэй туршлагаа хуваалцан, хамтран ажиллахаа баяртайгаар илэрхийлснийг дамжуулахдаа таатай байна.
    Элчин сайд Ч.Сосормаа

    Latest 150
    Latest 150