• MN
  • EN
  • CN
  • RU
  • Шинээр бизнесээ эхлэж байгаа залуусаа дэмжин хамтран ажиллана
    11/16/2016

    МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын төлөөлөлүүд “2015 Оны Жижиг Дунд Үйлдвэрийн Оны Онцлох Энтерпренер”-ийн нэгээр шалгарсан Натурал Эссеншлс ХХК-ийн үйл ажиллагаа, дэлгүүр болон тэдний ололт амжилт, ажлын туршлагатай танилцах арга хэмжээнд оролцлоо.

    Тус компани нь 2014 онд шинээр байгуулагдсан, Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Lhamour" брэндийн гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр юм. "Lhamour" брэнд нэрээр Монголын анхны ванны бөмбөг, уруул өнгөлөгч, зөгийн лавтай лаа гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Бүтээгдэхүүнүүд нь харшилтай, арьсны өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, цэвэр байгалийн гаралтай арьсыг нь тайвшруулж, тэжээл өгч, гэмтэхээс хамгаалдаг аж. Мөн ядаргаа тайлах, хор гадагшлуулах, целлюлит багасгах гэх мэт олон эерэг нөлөөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байгаа талаараа тус компаний ерөнхий менежэр С.Отгонжаргал дурдлаа. Мөн 100 хувийн органик цэвэр бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндийн хувьд чанарын өндөр баталгаатайг нь хэрэглэгчид үнэлэн Аж үйлдвэрийн салбарын тэргүүний шагнал, танхимаас 2015 оны шилдэг жижиг дунд үйлдвэрлэгч, ази тивийн маш олон шагналыг авч байгаа талаар хэллээ. Тус компани нь залуу, шинээр бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчиддээ дэмжих үүднээс тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг нэгтгэсэн дэлгүүрийг Туушин зочид буудлын 1 давхарт ажиллуулан худалдан борлуулж тусалдаг байна. Мөн компанийхаа нийгмийн хариуцлагын хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин гэртээ хүүхдээ харж суугаа эмэгтэйчүүдээр бүтээгдэхүүнийхээ сагс, савангийн модон суурь зэргийг гэрээ байгуулан захиалгаар хийлгэдэг ажээ.

    Дашрамд дурдахад Натурал Эссеншлс ХХК-ийн ерөнхий захирал Д.Хулан нь Ази Номхон Далайн орнуудын шилдэг залуу бизнес эрхлэгч шалгаруулах арга хэмжээний эцсийн шалгаруулалтанд тэнцсэн бөгөөд тус арга хэмжээ нь энэ сарын 21-27-ны хооронд Тайван хотноо болох юм. Өнөөдрийн байдлаар тус компани нь  бараа бүтээгдэхүүнээ Япон улсад гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа юм байна.

    Тус үйлдвэрийн танилцах аялалд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын төлөөлөл болон МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш тэргүүтэй холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Зочид хоорондоо танилцах бизнес уулзалт,  компанийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилт, үйлдвэрийн хүчин чадал, бараа бүтээгдэхүүний чанар, орц найрлагын талаар мэдээлэл авч сонирхсон асуултандаа хариулт авлаа.

    Latest 150
    Latest 150