• MN
  • EN
  • CN
  • RU
  • Мэдээлэл
    05/09/2017

    УИХ-ын хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцүүлж байгаатай холбоотойгоор татвар нэмэх, төрийн менежмент, нийтийн санхүүгийн зардлын зохицуулалтаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Мэдэгдэл” гарган УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Засгийн газрын сүүлийн 5 жилийн нийтийн санхүүгийн менежмент  алдаатай ажилласны сөрөг үр дагавар нь өнөөдөр төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрсэн явдал юм.  2018 оны 1 дүгээр сараас эхлэн  1,2 их наяд төгрөгийг Чингис бондын урьдчилсан төлбөрт төлж эхэлнэ. Төр санхүүгийн менежментээ хийж чадахгүй байгаад татвар төлөгч нар татвар төлөхгүй хэмжээнд хүртлээ бухимдсан шалтгаанаа энэхүү мэдэгдэлдээ тодорхой тусгасан.  Тус мэдэгдлийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч танилцан 4 дүгээр сарын 13-нд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй санал солилцох  уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаас гарсан үр дүнгийн талаар гишүүд, олон нийтэд албан ёсоор дараах мэдээллийг хүргэж байна.

    1. УИХ-ын даргад хэлсэн саналууд, гарсан үр дүн

    Санал, үр дүн

    1

    Татварын бодлогыг шинээр харж, татварын онолын дагуу татварын системийг өөрчлөх, татварын эрх зүйн орчныг шинэчлэх найруулах ажлын хэсгийг Сангийн яам, ОУВС, МҮХАҮТ хамтран байгуулах

    2

    ААНОАТ, ХХОАТ, Татварын ерөнхий хуулиудыг намрын чуулганаар хэлэлцүүлэх

    3

    Монгол улсын Засгийн газар, ОУВС-тай 4 дүгээр сарын 28-нд гэрээ байгуулсны дараа Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банк, Арилжааны бүх банкуудад олон улсын аудитыг ОУВС УИХ-тай хамтран хийх, ажлын хэсэгт МҮХАҮТ-ын төлөөллийг оролцуулах

    4

    ТӨХК-иудыг яаралтай хувьцаат компани болгож бизнесийн зарчмаар ажиллуулах

    5

    Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны 3 талт хэлэлцээрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах

    6

    Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис бонд, Самурай бонд зэргээс санхүүжилт авсан бүх аж ахуйн нэгжүүдийн нэрс,  зээлийн хэмжээ, хүү, торгууль, төлсөн мэдээллийг ил болгох

    7

    Төсвийн хөрөнгө оруулалт, концессийн гэрээ, зээлээр хийгдэж байгаа бүх процессийг шилэн болгох

    8

    Бизнесийн холбогдолтой хууль эрх зүйн асуудалд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, хамтран ажиллах, төсвийн зарцуулалтанд хяналт тавих

     Уулзалтаас гарсан дээрх саналуудыг цаасаар болон хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэн хамтран ажиллахаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, тэргүүлэгчдийн төлөөлөл УИХ-ын даргатай тохиролцлоо. Дээрх санал, санаачлагуудыг  10 дугаар сарын 01 гэхэд ажил хэрэг болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн, хэрвээ хэрэгжихгүй тохиолдолд энэ “ЦЭГЭЭС” эхлэн татвар төлөгчид дараагийн шатны арга хэмжээ авна гэдгээ илэрхийллээ.

    Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим
    2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр

    Latest 150
    Latest 150