• MN
  • EN
  • CN
  • RU
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог хөгжүүлнэ
    05/09/2017

    Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэх таатай орчинг бий болгоход төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Компаний тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай, Патентын тухай болон шаардлагатай бусад хуулийн төслүүдэд хамтран ажиллах, бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход шаардагдах судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэх, холбогдох байгууллагуудад танилцуулахад хамтран ажиллах юм байна. Мөн бизнесийн орчинтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, бизнес эрхлэгчид, олон нийтэд хүргэх, таниулах, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах, бизнесийн орчны судалгаа, Хүнд суртлын индекс, Бизнесийн итгэлийн индекс зэрэг судалгааны үр дүн, тайланг ХЗДХЯ-нд тогтмол мэдээлэх, байгууллага хоорондын мэдээллийн солилцоог сайжруулах ажээ.

    Цаашид хамтын ажиллагааны хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх “Монголын Олон Улсын ба үндэсний арбитр, бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв”-ийн үйл ажиллагааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотойгоор олон улсын арбитраар хандаж шийдвэрлүүлсэн хэргийн талаар хамтарч судалгаа хийх, сургалт семинар зохион байгуулах, хуулийн нийтийн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, хууль сурталчлах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ.

    Санамж бичигт Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баясгалан, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа нар зурж холбогдох албаны хүмүүс оролцлоо.

    Latest 150
    Latest 150